+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Алданги тооцох гүйцэтгээгүй үүрэг гэдэгт зээлийн хүүг оруулж тодорхойлно

  • 2024-10-29 08:51:38 |
  • (185) |
  • (0)

Шийдвэрийн огноо, дугаар:   2024 оны 02 сарын 27 өдөр,  Дугаар 183/ШШ2024/00907 

Шийдвэрийн төлөв:              Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч М-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 13,800,000 төгрөг, зээлийн хүүд 1,200,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг шаардсан.

 

Хэрэгт  авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь нэг удаагийн шинжтэй зээл олгосон, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагчид 13,800,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, талууд зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөөгүй, нэхэмжлэгч гэрээнд зааснаар алдангийг зээлийн үндсэн төлбөр, тооцогдсон хүүгийн нийлбэрийн 50 хувиар буюу 7,500,000 төгрөгөөр тооцож үндэслэлээ тайлбарладаг.

Иргэний хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн  хуулийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.

Шүүхээс зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн нийлбэрээс алдангийг тооцож, үүний нийлбэр дүнгийн 50 хувиар алданги бодсоныг хуульд нийцсэн гэж дүгнэв. Иргэний хуулийн 232.6-д алдангийг гүйцэтгээгүй үүргээс тооцохоор заасан тул зээлийн үндсэн төлбөр, мөн хариу үүрэг болох зээлийн хүүг оруулж тооцсоноор гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох юм. Түүнчлэн хүү тохирсон зээлийн гэрээнд алдангийг давхар тооцож болохыг хуулиар хориглоогүй тул талуудын тохиролцоо тэргүүн ээлжинд үйлчилнэ.

 Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 22,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/134058?daterange=2024-02-05%20-%202024-02-27&id=1&court_cat=1&bb=1

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч      Б.Ганцэцэг

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД