Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1004 дугаар шийдвэр
Шийдвэрийн тойм: №... 2023.04.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч ГӨГ ХХК нь хариуцагч Т.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.262.480 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч зээлдэгчийг үүргээ биелүүлээгүй гэж зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, алдангийн хамт нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Талууд ЗГ/-У-18/2-048 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч Т.Д нь өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хэвээр үлдээж, фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирчээ.
Т.Д үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс фидуцийн зүйл болох автомашин үүрэг гүйцэтгүүлэгч компанийн өмчлөлд шилжсэн байх тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан фидуцийн гэрээгээр Т.Д хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлдүүлэгч ГӨГ ХХК-ийн өмчлөлд автомашиныг үлдээсэн байна.
Уг гэрээ нь фидуцийн зүйлээр хангагдах мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд фидуцийн гэрээний зүйлийг ГӨГ ХХК өмчлөлдөө үлдээсэн тул, нэмж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь иргэний хуульд заасан фидуцийн гэрээний зохицуулалттай нийцэхгүй байх тул Т.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 7.269.840 төгрөг нэхэмжилсэн ГӨГ ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/122379?daterange=2020-01-01%20-%202020-04-28&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг