
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03120
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.10.21 Шийдвэрийн хураангуй
Зайсан СӨХ шүүхэд хандан оршин суугч Нарангаас СӨХ-ны зардал буюу төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй тул 21 сарын зардал 1.182.400 төгрөг төлөх ёстой...” гэж, хариуцагч Наран “...зардлыг хуульд зааснаар нийт оршин суугчид оролцсон хурлаар батлаагүй, зардал батлах эрхгүй Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэж шаардсан тул төлөхгүй...” гэж маргажээ.
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1 тоот, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8 тоот тогтоолоор тус тус баталсан байх ба нэхэмжлэгч тал шүүхэд баримтаар гаргаж өгсөн байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заажээ.
Шүүх Зайсан СӨХ, Наран нарын маргааныг хянан хэлэлцээд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг баталсан бүх гишүүдийн хурлын шийдвэр гараагүй, зардал баталсан Удирдах зөвлөлийн 1, 8 тоот тогтоолууд хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэн, хариуцагчаас СӨХ-ны зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Зайсан СӨХ бүрэн эрхгүй этгээдийн баталсан тогтоолыг үндэслэн хариуцагчаас СӨХ-ны зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/123896?daterange=2022-01-01%20-%202023-01-09&id=1&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг