+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ

  • 2024-11-27 15:21:15 |
  • (50) |
  • (0)

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03719 дугаартай шийдвэр.

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Агуулга: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг даалгах, Түр оршин суух хугацаа дахь орон сууц түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлтэй хэрэг.

Нэхэмжлэгч А нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 2014.08.19-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талын гэрээнд заасны дагуу Б дүүргийн 01-р хороонд баригдаж байгаа А хотхонд 30м.кв талбайтай орон сууц олгох гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг болгохыг даалгах, 2014.05.30-ны өдрийн Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний дагуу орон сууцын түрээсийн төлбөр болох 45,900,000 төгрөг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Г ХХК иргэн А-г газраа чөлөөлсөж өгсөн ч газар эзэмших эрхээ манай компанид шилжүүлж өгөөгүй учраас орон сууцыг өгөхгүй, мөн өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрөө нэхэмжилж манайд хандаагүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас  учраас төлөхгүй гэж татгалзсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр хариуцагч Г ХХК нь Б дүүргийн 01 хороонд баригдаж байгаа 30 мкв талбайтай орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж дуусган, нэхэмжлэгч А-д хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч А нь  байрны үнэ 54,000,000 төгрөгт өөрийн эзэмшлийн 174 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг тооцож өгөхөөр тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч А 2014 оны 06 сард газраа чөлөөлөн нүүж, гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нь орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны  дагуу нэхэмжлэгч А-г Б дүүргийн 01-р хороонд баригдаж буй 30 мкв талбайтай орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөхийг хариуцагч Г ХХК-аас шаардах эрхтэй байна гэж шүүх үзсэн болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний дагуу Нийслэлийн засаг дарга нь гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, тухайн хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүргийг хүлээсэн байх ба нэхэмжлэгч А 174 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байна гэж шүүх дүгнэв.

 2014.05.30-ны өдрийн Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээгээр Г ХХК нь барилгын ажил үргэлжлэх хугацаанд тухайн газарт оршин суух иргэний түрээсийн орон сууц, ажлын байрны төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон байх тул түр оршин суух хугацаа дахь орон сууцны түрээсийн төлбөрийг хариуцагч Г ХХК төлөх үүрэгтэй байна.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/160100?daterange=2024-09-01%20-%202024-11-25&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД