Шийдвэр хүчин төгөлдөр болсон.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Шийдвэрийн хураангуй
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан алданги 30,970,000 төгрөг, хохиролд 37,164,000 төгрөг, нийт 68,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.02-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нээс 2021.05.16-ны өдөр талууд татгалзсан гэж үзэж Т ХХК-аас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 61,940,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээний 3.1-т заасан хариуцагч орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу алданги тооцсон, ...мөн орон сууцыг худалдан авахын тулд төрсөн бусдаас 30 970 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж төлбөрийг төлсөн, орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг буцаан төлөх байсан боловч хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүйгээс зээлсэн мөнгөө төлж барагдуулаагүй сар бүр зээлийн хүү төлж хохирсон ... гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... нэхэмжлэгч нь 2021.05.16-ны өдөр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан авах хүсэлтээ илэрхийлснээр тухайн цаг хугацаанд гэрээг дүгнээд дуусгавар болгосон, энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад ... дахин нэхэмжлэл гаргаж, өмнө нэхэмжилж байгаагүй, гэрээг дуусгавар болгохдоо татгалзсан гэрээний алдангийн талаар болон бусдаас авсан гэх бодит байдлаар хэрэгжээгүй хуурамч зээлийн гэрээг үндэслэн бусдад төлбөр төлж хохирсон мэтээр хуурамч баримт бүрдүүлж огт үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны үр дагаврыг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.02-ны өдрийн ... дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт талуудыг гэрээнээс татгалзсан гэж үзэхдээ ...хариуцагчийг гэрээний 3.1-д заасны дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барих үүргээ зөрчсөн, үүнээс үүдэн нэхэмжлэгч 2 жил хүлээсэн, үнэ нэмсэн учраас байрыг яаралтай заруулж 61,940,000 төгрөгөө буцаан авах агуулга бүхий хүсэлтээ илэрхийлж 2021.05.16-ны өдөр гэрээнээс татгалзсан... гэж дүгнэсэн.
Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг. Нөгөө талаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно. Улмаар гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.
Хэргийн баримтаар хариуцагч Т ХХК нь гэрээнд зааснаар орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, захиалагч буюу нэхэмжлэгч А-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй атлаа гэрээний үнийг нэмсэнийг нэхэмжлэгч А зөвшөөрөөгүйгээс талууд гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй нь үүргийн зөрчил болох ба улмаар энэ нь талуудыг гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь ийнхүү гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй.
Энэ үндэслэлээр алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шүүгчийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу
https://shuukh.mn/single_case/131783?daterange=2023-08-01%20-%202023-10-28&id=1&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг